Сүүгээр бойжигчид.

2012-07-30 18:00
Сүүгээр бойжигчид
Хүмүүсийг багтаасан олон янз бүлэг нь үр төлөө эхийн сүүгээр тэжээдэг учир ийм нэрийг авчээ; энэ бүлгийн бүх төлөөлөгчид үс, биеийн гадаргууг бүрхсэн арьстай байдаг. Сүүгээр бойжигчид нь нугасан хошуутан, ууттан багтдаг өндөглөгчид/яйцекладущие, мэрэгчид, сүүгээр бойжигч дээд амьтад, туурайтан, махчин амьтдыг багтаасан эхэстэн болон далайн сүүгээр бойжигчид гэсэн гурван дэд ангид хуваагдана. Дэлхий дээр 5500 шахам зүйлийн сүүгээр бойжигчид тоологддог. Тэдний тоонд өөрсдийн улирлынхаа байдлаас болж Антарктид руу очих үеэрээ үрждэг хөх халим болон далайн заан ордог.

→ Өөрийн үр удмаа эхийн сүүний булчирхайн боловсруулсан сүүгээр тэжээдэг учраас сүүгээр бойжигчид гэсэн нэрийг авчээ.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
БҮХ СҮҮГЭЭР БОЙЖИГЧИД өөрсдийн удмаа тээж амьд үр төрүүлдэг. Нэг сүвтний багт хамаарагддаг сүүгээр бойжигчдийн цөөн тооны зүйлүүд өндөглөдөг.
СҮҮГЭЭР БОЙЖИГЧИД амьдралын бүхий л орчинд таран суурьшжээ: агаарт (сарьсан багваахай, хэрэмний төрөл мэрэгч), цэнгэг болон шорвог усанд (халиу, хөх халим, далайн нохой), хуурай газарт (туурайтан, махчин амьтад).
ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ОБЪЕКТООР нь сүүгээр бойжигчдийг өвс идэштэн, шавж идэштэн, махчин болон холимог тэжээлтэн гэж хуваадаг.
ЯЛГАА БА ТӨСТ БАЙДАЛ
Сүүгээр бойжигчдийг өнгөц харахад гадаад төстэй шинж чанар бага. Тэдгээр нь том бага, сэгсгэр нүцгэн, хоёр хөлтэй дөрвөн хөлтэй байж болно. Гэсэн хэдий ч тэдгээр нь бүхэл бүтэн биологийн нийтлэг шинжүүдтэй. Тэрхүү шинжүүд нь сүүгээр бойжигчдод сээр нуруутны онцгой амжилттай бүлэг болон хувьсан өөрчлөгдөх бололцоог олгожээ.

Сүүгээр бойжигчид өөрсдийн үр төлөө тэжээхийн тулд сүүний булчирхайг ашигладаг. Туйлын баавгай нь биеийн тогтмол температуртай учраас Хойд туйлд эсэн мэнд амьдарч чаддаг
Сүүгээр бойжигчид бусад амьтдаас гол төлөв хоёр шинжээр ялгагддаг. Тэдгээр нь биеийнхээ температурыг 36-38°С-д байнга барьдаг, өөрсдийн үр төлөө төртөл нь хэвлийдээ тээж явдаг. Энэхүү шинж чанарууд нь сүүгээр бойжигчдийг бусад амьтантай харьцуулахад гадаад орчны өөрчлөлтөөс бага хамааралтай болгожээ. Тэдгээрийн биологийн онцлогууд өөрийн үр төлөө урт хугацааны туршид хамгаалах, улмаар тэднийг хүрээлэн буй ертөнцийн хатуу ширүүн сорилтоос сэргийлэхэд зохицолдсон байдаг. Энэ нь сүүгээр бойжигчдийг амьдралын туйлын хүнд орчинд ч (Хойд туйлд цагаан баавгай, цөлд хуягтнууд) амьд үлдэх боломжийг олгодог. Тэдний биеийн байнгын температурыг ноосных нь дулааныг тусгаарлагч шинж чанар, арьсан доорх өөх, тэрчлэн хоол хүнсээ олох, боловсруулах үр дүнтэй аргууд хангаж өгдөг.
Үр удмын хөгжил

Нас бие гүйцсэн амьтад гадаад байдлаараа бие биеэсээ эрс ялгаатай хэдий ч хэвлий дахь тэдний үр хөврөлүүд хөгжлийн ижил шатуудыг дамждаг
Сүүгээр бойжигчид өөрсдийн хэвлий дахь үр төлөө эхэс, ураг болон хүйсээр холбогдсон эрхтнээр дамжуулан шаардлагатай тэжээллэг бодисууд, хүчилтөрөгчийг өгөх замаар хооллодог.
Төрснийх нь дараа үр төлөө эхийнх нь мөөмний булчирхайн боловсруулсан сүүгээр тэжээх болсон нь амьтны ертөнцөд гарсан суурь шинэчлэл болжээ. Энэ нь үр төлөө хурдан өсгөж бойжуулах, амьдрах боломжийг нь дээшлүүлэв. Түүнээс гадна эх үр хоёрын дунд үр удмынхаа төлөө санаа тавих явдлыг улам бүр сайшаасан тогтвортой холбоо хэлхээ бүрэлддэг. Энэ нь ердийн шаталсан болон газар нутгийн зан төлөв бүхий сүүгээр бойжигчдийн тодорхой илэрсэн нийгмийн бүтцүүдэд илрэлээ олдог. Анх төрөхдөө бие гүйцээгүй сүүгээр бойжигчид бие гүйцэж төрдөг сүүгээр бойжигчдоос ялгаатай. Эхний бүлэгт махчин амьтад, дээд багийнхан хамаарагдах ба тэдгээр нь төрснийхөө дараа өөрийн сууцаа шууд орхин явж чаддагүй, харин хоёрдогч бүлгийн төлөөлөгчид, жишээ нь, туурайтан болон халим төрснийхөө дараа шууд л эхээ даган бие аан явдаг.
Нэмэлт онцлогууд

Эрхтнүүдийн тогтолцоо: шар – мэдрэлийн, ногоон – хоол боловсруулах, цэнхэр – амьсгалын, хөх ягаан – ялгаруулах, улаан шар – бэлгийн, ягаан – булчингийн
Бүх сүүгээр бойжигчдийн зүрх нь организмийн бүхий л хэсэг рүү цусыг эрчимтэй шахдаг тосгууртай. Сүүгээр бойжигчид онцгой сонсгол (тэдний дунд чих нь өөртөө алханцар, дөшөнцөр болон ээмгэнцрээс тогтдог), өндөр хөгжилтэй уураг тархи болон шүдний ялгавартай тогтолцоотой байдаг. Тэдний хойд мөчин дээрх таван хуруу нь хөх халим, дельфин болон бусад далайн сүүгээр бойжигчдийн адил он цагийн урсгалаар бага зэргийн дүрс хувиралд орж богиносжээ. Арьс, хумс, туурай болон эвэр нь гэмтэл болон усгүйжилтийн эсрэг хамгаалалтын механизмыг бүрдүүлдэг.
Сүүгээр бойжигчдийн ангилал
5500 төрөл зүйлийн сүүгээр бойжигчид дараах бүлгүүдэд зохион байгуулагдана.
Нэг сүвтэн (нугасан хошуут, нохой зээх)
Шинж төрх: өндөглөдөг, богино сарвуутай, жижигхэн нүдтэй
Ууттан. Шинж төрх: үр төл нь уутан дотор бойждог
Хос бус туурайтан. Шинж төрх: мөчнүүдийн тэнхлэг гуравдагч хуруугаар дамжин өнгөрдөг
Махчин амьтад.
Шинж төрх: махыг тасчдаг, шүдний аппарат нь тэдэнд махыг яснаас салгах боломж олгодог
Халим хэлбэртэн (хөх халим ба дельфин).
Шинж төрх: сүүл нь эрчимтэй сэлэх бололцоо олгодог
Сүүгээр бойжигчдын дээд баг (лемур, сармагчин, хүмүүс).
Шинж төрх: том тархи, толгой нүүрэн хэсэгт байрласан нүд
ИМЖ, УУТАТ БААВГАЙ, НУГАСАН ХОШУУТ
Эдгээр эртний сүүгээр бойжигч амьтад бусад амьтдад ажиглагдаагүй онцгой өвөрмөц шинжүүдтэй. Нэг сүвтэн нь гадагшуулах сүвээр дамжуулан өндөглөдөг, ууттан төрснийхөө дараа зулзгаа эхийнхээ уутан дотор хооллодог.
Нэг сүвтэн болон ууттан хөхтөнд хамаарагддаг бөгөөд анх Австралаас олсон.
Нэг сүвтэн

Нугасан хошуутан голын ойролцоо амьдарч, загас ангуучлана. Тэдний үрждэг нүх нь уртаараа 30 метр хүрдэг. Нугсан хошуут нүхээ орхин гарах бүрийд амыг нь шавар шавхайгаар таглаж, урилгагүй зочдоос хамга
Нэг сүвтэн нь хамгийн өвөрмөц, магадгүй, бүхий л сүүгээр бойжигчдоос хамгийн ер бусын амьтад. Тэдгээр нь шээс бэлгийн тогтолцооны урсгалууд ордог арын гэдэсний өргөссөн хэсэг болох гадагшлуулах сүвээр дамжин өндөглөдөг. Зүйлээс хамааран эмэгчин нь өндөгний бүрхүүлээс гартлаа 10 хоногийн турш нуугдмал байдаг нийлүүлгийн дараа 2-4 долоо хоногийн дараа зөөлөн бүрхүүлтэй нэг болон хоёр өндөг гаргадаг. Үүний дараа үр төл нь бусад сүүгээр бойжигчдын адилаар эхийн сүүгээр хооллодог.
Галуу хошуутнууд өргөн хавтгай эрүүнээс түрж гарсан эвэр хошуутай. Минжнийх шиг хавтгай сүүл болон сэлүүртэй төстэй сарьсан саврууд нь усан доторх жижиг амьтдыг ангуучлах, барьсан ангаа шүүх боломжийг тэдэнд олгодог. Тэдгээр нь Австралийн голуудын эрэг орчмоор хиймэл нүхнүүдэд амьдардаг.
Нөгөө талаас нохой зээх зөвхөн газрын амьтан юм. Тэрээр хумстай хүчтэй ухагч мөчтэй тул шоргоолжны үүр болон бусад шавжны үүрийг онгичиход нь түүнд тусалдаг, дараа нь урт наалдамхай хэл болон урагш түрсэн хошуугаа шавьж идэхэд ашигладаг. Аюул тулгарсан тохиолдолд өргөснүүдээ босгодог. Нэг сүвтний бүх төлөөлөгчид шөнийн амьдралтай, зөвхөн Дорнод Австрали, Папуа Шинэ Гвиней болон Тасманид амьдардаг.
Ууттан

Имж – юундч гүйцэгдэшгүй харайдаг амьтан. Харайж байх үедээ хүчирхэг хойд сарвуунуудаа түлхэлт авахад, бүдүүн сүүлээ тэнцвэрээ хадгалахад ашигладаг
Ууттан – амьдралын янз бүрийн орчин болон зан төрхийн хэлбрүүдтэй сүүгээр бойжигчдийн 270 зүйлээс бүрддэг бүлэг. Тэд Австрали тив, Папуа Шинэ Гвиней, Хойд болон Өмнөд Америкт амьдардаг. Пангей хэмээгдэх хэт эх газар Австрали болон Өмнөд Америкийн эх газрууд болон салсны дараа хүрээлэн буй орчин дахь ялгааны үр дүнд ууттан амьтад янз янзаар хөгжиж чаджээ. Гэсэн хэдий ч ууттан амьтад биологийн ойролцоо онцлогуудыг харуулдаг. Дээд араатнууд ч юмуу, эсвэл эхэст сүүгээр бойжигчид хойд зүгийн эх газруудад олон талаар төстэй хэлбрээр хөгжжээ. Энэ хоёр бүлгийн амьтад гадаад байдал, зан төрхийн хэлбрүүдээрээ гайхам төстэй. Жишээ нь уутат сохор номин болон эхэст сохор номин, уутат суусар болон уутат оготны чоно.
Ууттан амьтад нь маш олон янз учраас тэдний нийтлэг шинжийг тодорхойлон бичихэд төвөгтэй. Гэвч гол нь тэднийг уут нэгтгэж байдаг ба тэндээ эхчүүд нь өөрсдийн үр төлөө тээж явдаг ба үр төл нь мөн тэндээ хоол тэжээлээ идэж, өсч бойждог ажээ. Залуу ууттан амьтдын төрөлт хүнд байдгийн учир нь үр төл нь төрөх сувгаас өөрсдөө мацан, үнэрлэх, хүртэх эрхтнүүдийнхээ тусламжтайгаар уут руу орох ёстой гэнэ. Уутанд орсон зулзаганд эхийнх нь нэг л хөх оногдох ба уутнаас гарахад бэлэн болтлоо тэндээ байдаг.
Шаргал имжний сүүшрэлт 235 хоног хүртэл үргэлжилдэг. Зулзаганы тоо нь уутан доторх тэдний хамгаалалтын болон үргэлжлэлтийн хэр зэрэгтэй уялдан хэлбэлздэг. Хамгаалалтын түвшин хэдий чинээ өндөр байна, төдий чинээ их тооны зулзага амьдарч чадна. Чухам ийм учраас төрөлт ихсэх нь уутан доторх нэлээд богино буюу хамгаалалт султай байдлаар нөхөгддөг.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
НОХОЙ ЗЭЭХ 49 жил хүртэл амьдарч чадна.
НУГАСАН ХОШУУТНЫ ЭРЭГЧИН НЬ арын тавхайдаахор ялгаруулдаг өргөстэй.
КРЫЛАН (сарьсан багваахайн төрөл, гар далавчтан сүүгээр бойжигч) өөрийн далавчныхаа бүтцийн ачаар 100 метр хүртэл аажмаар жигд доошилж чаддаг.
ШАРГАЛ ИМЖ 3 метр өндөр, 9 метр урт харайж чаддаг.
МЭРЭГЧИД БА ТУУЛАЙ ХЭЛБЭРТНҮҮД
Гадаад байдлаараа төстэй хэдий ч мэрэгчид болон туулай хэлбэртнүүд бие биеэсээ үл хамааран үүсч буй болжээ. Тэднийг дээд эрүүнийх нь үүдэн шүднүүдээр хялбархан ялгаж болно.

Дээд болон доод эрүүн дээрх мэрэгч шүднүүд, томорсон хос үүдэн шүд энэ бүлгийн амьтдын шүдний тогтолцооны гол шинж мөн
Мэрэгчид болон туулай хэлбэртнүүд манай гаригийн Антартикаас бусад газар хаа сайгүй нутагладаг.
Мэрэгчид

Үхэр огдой жилд 2-3 удаа төрж, дунджаар 12 хүртэл зулзага гаргадаг
Сүүгээр бойжигчдийн ангид мэрэгчид нь хамгийн тархмал бөгөөд 1700 зүйлд хуваагддаг. Бүх мэрэгч амьтдын нийтлэг шинж нь дээд болон доод эрүүнийхээ өмнөд хэсэгт хурц үзүүртэй үүдэн шүд байрладаг явдал юм. Эдгээр шүднүүд нь бүхий л амьдралынх нь туршид үргэлжлэн ургадаг ба шүд байнга элэгддэгээс болж үүдэн хэсэг нь паалангийн бат бөх давхрагаар ийнхүү хамгаалагдсан байна. Мэрэгчид нь соёо болон арааны өмнөх шүдгүй учраас үүдэн шүднүүд болон араануудын хооронд завсар зайтай байдаг.
Мэрэгчид навч, тариа, үр, үндэс болон ишээр хооллодог, харин зарим нь шавж болон бусад сээр нуруугүйтнийг агнаж хооллоно.
Тэдгээрийн шүдний тогтолцоо нь хүчтэй хивэгч булчингуудаар дэмжигддэг учраас хацар нь цулцгар байдаг. Ихэнх мэрэгчид бүлгээр амьдардаг жишээ нь тарвага болон гэрийн хулгана. Өдөр, шөнийн ямарч цагт идэвхтэй, тэднийг усанд ч, өндөр ууланд ч, амьдралын ямарч орчинд олж болно. Гэрийн хулгана мэтийн синантроп зүйлүүд (оршин амьдрах нь хүн болон суурин газартай холбоотой амьтан, ургамал - орч) өөрсдийн амьдралын зуршлаа хүнийхэд дасан зохицуулсан байдаг. Өмнөд америкийн капибар болон европын минж намгархаг газарт амьдардаг ба гайхалтай сайн усанд сэлэгчид, шумбагчид юм. Африкийн урт хөлт – имжтэй төстэй мөч бүхий сарвуутай, гайхалтай үсэрч харайдаг. Хэрэм онцгой авирагч, түүний урт сүүл нь тэнцвэрээ хадгалахад нь тусалдаг.
Туулай хэлбэртэн

Туулай хэлбэртэн хоёрдогч хос үүдэн шүдтэй, тэдгээр нь сүүн шүд шиг сайтар хөгжсөн, дээд эрүүн дээрх үүдэн хос шүдний ард нуугдмал байдаг
Туулай хэлбэртэн нь туулай, молтогчин зэрэг урт чихтэн, тэнгисийн гахай мэтийн богино чихтэн, жишээ нь, хойд америкийн үхэр огдой зэрэг амьтдыг багтаадаг. Өмнө нь туулай болон молтогчинг мэрэгчдийн багт хамруулж байсан ба энэ хоёр бүлгийн хоорондох ялгаа нь шууд илт, молтогчин туулайн шүдний тогтолцоог харахад л хангалттай. Бүх туулай хэлбэртний адилаар молтогчин нь дээд эрүүн дээр орших том үүдэн шүдний цаана байрладаг хоёр хос жижиг шүдтэй (“сүүн” шүд). Шүдний ийм тогтолцооныхоо ачаар туулай хэлбэртнүүд мэрэхэд дасан зохицсон байдаг. Тэдний нэг нийтлэг шинж нь сэтэрхий дээд уруул (туулайн уруул). Тэдгээр нь сайтар хөгжилтэй хүртэхүйн болон сонсголын мэдрэмжтэй, туулай болон молтогчин нь хамраа тойрсон хүчжүүлсэн мэдрэхүйн сахалтай болон урт чихтэй. Тэдний хойд сарвуунууд нь ноосоор битүү бүрхэгдсэн, ер нь маш урт байдаг. Туулай нь маш хурдан, хүчтэй, 80 км/ц хурдалж чаддаг нь тал, нуга, өндөрлөг тэгш газар, говь цөл газарт амьдралыг нь хөнгөвчилж өгдөг ба ялангуяа, махчин амьтдаас аврагдахад нь тусалдаг.
Туулай хэлбэртэн цэвэр өвсөн тэжээлтэн бөгөөд эслэгээр баян хоол хүнсээ гэдэсний бактериудын тусламжтайгаар боловсруулдаг. Сайтар боловсруулахын тулд туулай хэлбэртнүүд зөөлөн ялгадас гаргадаг ба түүнийг дараа нь давтан шингээдэг. Үр төлөө гаргахын тулд тэд нүх болох үүрийг ашигладаг. Богинохон амьдралтайгаас үүдэн туулай хэлбэртнүүд жилд хэд хэдэн удаа төллөх ба тус бүр нь 9 хүртэл зулзага гаргадаг.
Иймэрхүү өндөр төрөлт нь махчин амьтад болон шувуудын устгасан үр төлийнхөө алдагдлаг нөхдөг. Зэрлэг туулай болон тэдний төрөл амьтдын ноосны өнгө тэдэнд сайтар өнгөлөн далдлалт болдог.
Шөнийн идэвхжил

Өдрийн туршид туулайнууд бут, өтгөн өвсөн дотор нуугддаг
Ихэнх молтогчин болон туулайнууд шөнө болон үдшийн цагаар идэвхтэй байдаг. Тэдгээр нь гэр бүлийн бүлэглэлийн доторх нийгмийн илэрхий зан авирыг харуулдаг. Тэд ихэвчлэн шөнө болон орой үдшийн цагаар хооллодог нь махчин амьтдаас сайтар хамгаалахад нь тусалдаг. Тэжээлийн нөөц хомсдох үед туулайнууд хоол тэжээл хайн ихээхэн зайд нүүдэллэж чаддаг. Тэд өвлийн хүйтэн цагт зориулж тэжээлээ нөөцөлдөг.
ТУУРАЙТАН
Бүх туурайтан бол ургамлаар хооллодог болон хатуу бүрхүүл бүхий туруу буюу сарвуутай.

Францийн Ласко агуй дахь чулуун зэвсгийн үеийн уран зураг. Энд ан хийж байгаа байдал, түүхийн өмнөх адуу болон европын бух гөрөөс зэрэг зэрлэг туурайтнууд дүрслэгджээ
Туурайтан – хамгийн томоохон, хамгийн сэтгэлд хоногшмол, дэлхий дээр хамгийн тархмал сүүгээр бойжигчдийн нэг. Тэд бүгд өвсөн тэжээлтэн (бүх төрлийн тэжээлт гахай болон шавж идэштэн шоргоолж хоолтон), эвэршмэл эдээр бүрхэгдсэн туруунуудтай. Туурайтны бүлэгт адуу, үхэр, хонь, ямаа, гахай зэрэг гэрийн тэжээмэл олон амьтад ордог. Түүнээс гадна энэ бүлэгт хирс болон анааш багтдаг. Туурайтан анхнаасаа эхлэн Австралиас бусад бүхий л газраар тархжээ.
Бодисын солилцоо

Үсэрдэг зээр байрнаасаа 3,5 метр өндөр үсэрч чаддаг
Бүх туурайтан нэг нийтлэг онцлогтой: ургамал идэштэн болох тэд эслэгийн задлагийг хангагч ферментүүд боловсруулдаггүй тул ургамлаас авдаг тэжээллэг бодисуудаа бие даан боловсруулж чаддаггүй. Тэдний хоол боловсруулах тогтолцоонд симбиоз бактериуд, эсгэгч бодисууд болон эгэл биетнүүд тусалдаг. Туурайтнуудын нэлээд хэсэг нь хивэгч амьтад мөн жишээ нь буга болон үхэр. Тэд эсмэгийг давтан зажлалтаар боловсруулан шингээдэг.
Гол шинжүүд

Адуу нь халуун цуст (Араб хурдан морьд), бүлээн цуст болон хүйтэн цуст адуу гэж ангилагддаг. Энэхүү ангилал нь биеийн температурыг бус, адууны зан авирыг тодорхойлдог
Туурайтан амьтдын дийлэнх нь махчин амьтдаас зугтах боломжийг тэдэнд олгосон урт мөчнүүдтэй байдаг. Зарим бүлгийн эрэгчин нь, заримдаа эмэгчин нь ч гэсэн туслах гол шинжтэй: үхэр болон буга эвэртэй, гахай соёотой. Хүч хэрэглэхийн оронд туурайтан түүнийгээ өрсөлдөгчийнхөө хүчийг мохоох болон үнэлэхэд ашигладаг.
Туурайтан амьтдыг хоёр бүлэгт хувааж болно: хос туурайтан ба хос бус туурайтан. Нэгдүгээр дэд бүлэгт буга, анааш, усны үхэр, хоёрдугаар дэд бүлэгт адуу, хирс зэргийг хамруулж болно. Хос туурайтан ч тэр, хос бус туурайтан ч тэр аль алин нь турууныхаа үеий тоог янз бүрийн хэмжээгээр бууруулсныг үзүүлдэг. Жишээ нь өнөө үед адуу нь хөл бүртээ ганц хуруу буюу туурайтай. Хос туурайтны дотроос хүний хувьд эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой нь хөндий эвэртний овог юм. Энэ овог өөртөө 130 гаруй зүйлийг багтаадаг, тухайлбал, бизон – хойд америкийн зэрлэг бух, зэрлэг үхэр, зээр, гөрөөс, хонь болон янгир зэрэг багтдаг.
Гэршсэн туурайтан амьтад

Сүүний үхрүүд бэлчээрт
ГЭРШҮҮЛЭХ гэдэг нь хүн амьтныг сургаж үржүүлнэ гэсэн үг
11000 ГАРУЙ ЖИЛ хүн мах, сүү, ноос гарган авахын тулд болон, тэрчлэн зүтгүүрийн малын хувьд ашиглахын тулд туурайтан амьтдыг үржүүлсээр байна
“Хүмүүсийн ашигладаг байсан МОРЬДЫГ НАДАД ХЭЛ, би тэр хүмүүсийн ямар төрлийн ажил эрхлэж байсныг нь хэлье”- Ж. Кювье

Хонины ноос нь зөвхөн сүүлийн хэдэн арван жилд сонгон үржүүлгийн зүйл болов
Хүн сургаж, хэдэн зууны туршид сонгон үржүүлэгт орсон ТУУРАЙТАН АМЬТАД өнөөдөр ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Хүн болон адгуус амьтан хоёрын хоорондох нягт холбоо хүмүүс суурин маягаар сууж, ургац хурааж, хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглаж байсан сүүлчийн мөстлөгийн үед тогтжээ. Эхлээд 15000 жилийн тэртээд туурайтан амьтад нь ангийн объект байсан бол хожим нь (м.э.ө. 9000 оноос эхлэн Газар дундын тэнгист) тэднийг үржүүлж, тээвэр болон зүтгүүрийн малын хувиар болон сүү, ноос, мах гаргаж авахын тулд ашиглах болжээ. Тэдний гэрших биологийн урьдчилсан нөхцөл нь шинэ төрсөн туурайтан амьтад хүнд дасч, тэднийг аюул занал тээгч бус, нөхөрсөг төрхийг нь хүлээн авсан хэрэг.
ХОНЬ, ЯМААНЫ НООС АШИГЛАЛТ нь хүмүүсийг цаг уурын хүнд нөхцлөөс хамгаалах бололцоог олгожээ. Сүү гаргах авахын тулд үхэр үржүүлсэн нь урт хугацааны түүхтэй, гэхдээ энэ адгуус орчин үеийн нийгмийн хөдөө аж ахуйд өөрийн чухал хэрэгцээт байдлаа алдаагүй байна. Өнөө үед үхрийн 450 орчим, адууны 200 гаруй үүлдэр байна.
ҮҮСЭЛ: үхэр нь зэрлэг үхэр (тур) –ээс; гахай – зэрлэг гахайнаас; харин адуу нь тарпан (европын тал болон ойт хээрт амьдарч байсан зэрлэг адуу)-аас үүсчээ. Зэрлэг үхэр болон адуу нь одоо бүрмөсөн үхэж үрэгджээ.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ӨНДӨР ҮРЖИЛ ШИМТЭЙ ҮХЭР өдөр бүр 30 литр сүү өгч чаддаг.
МОРЬ 60 км/цаг хурдтайгаар давхиж чадах ба 300 км зайг өдөрт нь туулна.
ТУУРАЙТАН – хамгийн өндөр, хамгийн хүнд жинтэй сүүгээр бойжигчид: анааш өндрөөрөө 4 метр хүрдэг.
ТЭЖЭЭМЭЛ ГАХАЙ хамгийн үржил сайтай сүүгээр бойжигч амьтан – нэг удаагийн төрөлтөөр 14 тооройг ч гаргана.
ЗААН БОЛОН ДАЛАЙН ҮХЭР
Заан болон ламантин (Атлантын далайн эрэг орчмоор амьдардаг, сирена багийн сүүгээр бойжигч - орч) хоёр бие биетэйгээ нягт холбоотой. Заан бол хуурай газрын хамгийн том сүүгээр бойжигч бол тэнгисийн үхэр зөвхөн усан доторх амьдралд дасан зохицжээ.
Заан нь хошуутны багт, харин ламантин болон далайн үхэр сирена багт хамаарагдана.
Заан
Зааныг хошуут болон зузаан арьст амьтан гэж нэрлэдэг. Энэ хоёр нэр түүний гол шинжид хамаатай ч, түүнээс гадна бага хэлбрийн хөл, соёотой. Биеийн бүтцийн зүйн үүднээс зааны хошуу нь уртассан хамар ба дээд уруултай байдаг, гэхдээ хамрын нүхнүүд нь хамрынхаа төгсгөлд биш, харин гавалдаа байдаг. Хошууны гойд хөгжсөн булчингууд нь түүнийг тав дахь мөчний журмаар ашиглах боломжийг заанд олгожээ. Зааны арьс, хэдийгээр түүний зузааных нь талаар домог мэт яригддаг ч, үнэндээ маш мэдрэмтгий, гэдэс болон чихнийй ар талаар үнэмшимгүй нимгэхэн. Арьс нь байнгын арчилгаа болон хөргөлт шаарддаг, учир нь тэрээр ус болон шаварт орох дуртай. Заан нь хөлсний булчирхайгүй, илүүдэл дулаанаа том чихээрээ дамжуулан гаргадаг. Заан нь маш их мэдрэмтгий, багана хэлбрийн хөл нь илүүдэл эрхтэн болох туурайтай. Туурайнууд нь зөөлөвч эдүүдтэй учир газраар нэг их чимээ гаргалгүй явж чаддаг.
Хувиралд орсон дээд үүдэн шүднүүд болох хүнд соёонууд 3,5 метр хүртэл ургадаг. Заан өөрийн соёонуудаа дайсныг айлгах, өөрийгөө хамгаалах, тэрчлэн усны эх булаг хайж газар ухах, модны холтос хуулах зэрэгт ашигладаг. Зааны домогт ой ухаан нь эрдэм шинжилгээний туршилтаар хэсэгчлэн батлагдсан байна: үзсэн газруудаа насан туршдаа мартдаггүй. 70 настай заан залуудаа ашиглаж байсан булаг хүрэх замыг олж чадна. Заан нь энэтхэгийн болон африкийн гэсэн хоёр зүйлд хуваагдана; африкийн зүйл нь саваны болон ойн гэсэн хоёр дэд бүлгээс тогтдог. Тэдгээр нь нуга, савана (халуун орны тал), уулын район болон ойд амьдардаг.
Далайн үхэр

Энэтхэгийн болон Номхон далайн бүсээс олдсон далайн үхрүүд дулаан гүехэн усад хөвөн ихэнх цагаа өнгөрүүлдэг
Ламантин болон дюгонь (Энэтхэгийн далай болон Улаан тэнгист амьдардаг сирена багийн сүүгээр бойжигч - орч) заантай ойр харилцаатай. Дюгонийн богино соёог эс тооцвол тэдний хувьд заантай нийтлэг шинж маш бага. Тэдгээр амьтад усны амьдралд бүрмөсөн дасан зохицжээ. Урд хөлнүүд нь сэлүүрүүд болон хөгжиж, харин хойд хөлнүүд нь хөвөгч илтсүүд бүхий конус хэлбрийн сүүл болон хувирчээ. Далайн үхрийн бие цилиндр хэлбэртэй, 600 кг шахам жинтэй. Эдгээр амьтад алгуурхан сэлэх юмуу усаар хөвж явдаг, бас шумбаж усан дор 20 мин хүртэл байж чаддаг.
Эдгээр амьтдыг усны үхэр хэмээн нэрлэсэн нь тэд өвс тэжээлтэн юм. Тэд зөвхөн усны ургамал болон зөөлөн биетээр хооллодог. Ганц нэгээр болон цөөн тооны бүлгээр амьдардаг.
Сүүгээр бойжигчид болохоор эх нь үр төлөө усан доор хөхөөр хооллодог. Далайн үхрийн хээл боловсрох үе 12-14 сар. Ламантинийг эргийн бүсүүд, дулаан тэнгисүүдийн булан, гол мөрний адгаар олж болно.
Арслан зааны өвөг

Арслан зааны бүх махыг эртний хүмүүс ашигладаг байжээ
Энэхүү түүхийн өмнөх амьтан 8000 жилийн тэртээд Хойд Америк, Европ, Азийн нугын бэлчээрүүдэд идээшлэж байжээ. Арслан зааны төрөл бүрийн зүйлүүд (жишээ нь, урт ноост г.м.) өөрийн нягт ноосон бүрхэвчийн ачаар мөстлөгийн үеийн хүйтэнд дасан зохицжээ. Өнөөдөр ч гэсэн хөлдүү, сайтар хадгалагдсан арслан зааны үлдэгдлүүд Сибирийн мөнх цэвдгээс олдож, маш ховор үзмэр болгон музейнуудад тавьж үзүүлсээр байна. Тэдгээрийн ДНК нь хошуутан амьтдын хувьслыг тайлах түлхүүр болж болох юм. М.э.ө. 11000 оны хадны уран зурагт арслан зааныг агнаж буйг үзүүлсэн байдаг. Гэвч энэ зүйлийн амьтан алга болоход юу нөлөөлсөн нь өнөөг хүртэл оньсого шиг хэвээр үлджээ: хэтэрхий тооны агналт уу, эсвэл мөстлөгийн галавын эцсээр болсон цаг уурын өөрчлөлт үү.
XXI ЗУУН
Устаж алга болж байгаа зүйлүүдийг хамгаалах тухай Хуулийн хүрээнд амьтдын ОЛОН УЛСЫН ХАМГААЛАЛТ зааныг амьд мэнд үлдэхэд нөлөөлөв.
ЗАРИМ ХААЛТТАЙ НӨӨЦ ГАЗРУУД орон нутагт хүн ам хэт олноор суурьшиж ургамлыг устахад хүргэж байна.
БУСАД АРГА ХЭМЖЭЭНҮҮД-ИЙН ЗЭРЭГЦЭЭ, зааны соёог тайрах нь хулгайн анчдаас хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байна.
ХАЛИМ, ДЕЛЬФИН БОЛОН БУСАД ДАЛАЙН СҮҮГЭЭР БОЙЖИГЧИД
Халим, дельфин, далайн гахай зэрэг халим хэлбэртэн буюу далайн сүүгээр бойжигчид манай гариг дээрх хамгийн том амьд амьтад. Тэд мэдрэхүйн онцгой чадвартай.
Халим болон дельфин нь усан дотор (гол мөрний дельфин байга тохиолдолд цэнгэг усанд) манай гариг дээр 60 сая жил амьдарч байна. Эдгээр сүүгээр бойжигчид бүх далай тэнгист яг л гэртээ байгаа юм шиг, усан доорх амьдралд бүр мөсөн дасан зохицжээ. Гэсэн хэдий ч усны сүүгээр бойжигч амьтад болох тэдний хувьсал хөгжил нь тэдний биологийн бүтцэд онц өөрчлөлтүүд оруулсангүй ч гэсэн өнөө үед олон тооны сүүгээр бойжигчид устах аюулын дор оршиж байна.
Бүх халим хэлбэртэн хоёр бүлэгт хамаарагдана: шүдлэг халим (зүйлээр хамгийн баялаг бүлэг) болон сахалт халим. Хөх болон бөгтөр халимууд хамаарагддаг сахалт халимууд шүдний оронд эвэрлэг илтсүүд бүхий сахалтай, түүнийхээ тусламжтайгаар планктоны амьтдыг шүүж, нялцгай биетэн, хавч хэлбэртэн болон жижиг загасуудыг ялгадаг. Шүдлэг халимууд загас болон кальмар (толгой хөлтөн нялцгай биетэн) - ыг ангуучилна. Шүдлэг халимуудад дельфин, далайн хирс зэрэг дельфиний овгийн хэд хэдэн зүйл хамаарагдана
Усны үхрээс ялгаатай нь гэвэл халим хэлбэртний шувтан, загас шиг бие нь биеийн температурыг барихад зориулагдсан үсэн бүрхүүлийн оронд өөхөн давхрагатай байдаг, живэр болон хувирсан урд мөчүүдтэй. Хойд мөчүүд нь бүрмөсөн гээгджээ. Сүүл буюу сүүлний живэр нь тэдний гол хөдөлгөгч хүч, нурууны живэр нь тэнцвэржилт болон дулаан зохицуулалтын журмаар ашиглагддаг. Эдгээр амьтад нь уушгаар амьсгалдаг учраас 90 минут бүрт усны гадарга руу гардаг. Ихээхэн гүнд шумбахын тулд хүчилтөрөгчийг уушгиндаа бус, булчингийн эдийн будагч бодис болон нийлмэл уургийн холбоосонд хадгалдаг. Халимны үр төл маш хурдан бойждог, учир нь сүргээс хоцрохгүй явах шаардлагатай байдаг. Хөх халимын зулзага усан дор эхийнхээ сүүгээр 7 сарын туршид хооллодог ба өдөр бүр жин нь 50 кг-аар, урт нь 4,5 см-аар нэмэгддэг.
Дельфин
Дельфиний тархины харьцангуй цул нь хүнийхтэй бараг адилхан (хамгийн их туйлын цул хөх халиманд байдаг, харин харьцангуй цул нь өмнөд тархины бус бага тархины хувьд убанги загасанд байдаг). Бусад халим хэлбэртний адилаар дельфиний тархины тал бөмбөлгүүд нойрсолтын дэглэмд ээлжлэн шилждэг. Хэрэв тайван байдалтай бол уг амьтны бие суларсан байдалтай байж болох ба энэ үед тал бөмбөрцгүүдийн нэг нь хэдэн цагаар сааталд орж болдог. Халим хэлбэртний хүртэхүйн нэлээд чухал мэдрэмжийн нэг нь сонсгол юм. 5 –аас 280000 Гц-ийн давтамжтай дууны долгионы тусламжтайгаар тэнгисийн сүүгээр бойжигчид бие биетэйгээ харилцдаг нь зарим тодорхой зэрэглэлийн хэмжээнд тогтоогджээ.
Далайн нохой

Далайн нохойн нүд хуурай газар дээр ч, усан дотор ч харах учиртай
Нийтлэг, нийгмийн хувьд зохион байгуулагдсан далайн ноход бусад хэлим хэлбэртнүүдтэй харьцуулахад усан дотор удаан хугцаагаар байхад дутуу дасан зохицсон хэдий ч тэд сэлэлтийнхээ үед 35 км/ц хурдалж чаддаг. Тэд ихэнх цагаа хуурай газарт өнгөрүүлдэг учраас эрэг орчмын бүсүүдэд амьдардаг. Халим хэлбэртэн болон далайн үхрээс биен дээрэ нягт үсэн бүрхүүлтэйгээрээ ялгагдах ба энэ нь тэднийг олон зууны туршид хайр найргүй устгах шалтгаан болжээ. Үр төлөө хуурай газар болон мөсөн дээр гаргадаг. Далайн ноход хэвтэш дээрээ дайтаж, энэ үеэр эрэгчин нь бие биеэ түлхэж хаздаг байна. Тэд усан дотор явахдаа хойд сэлүүр болон биеийн хотойлтыг ашигладаг ба урд сэлүүрүүдээрээ замаа зална. Нурууны живэр байхгүй, өчүүхэн сүүл нь хойд сэлүүрүүдийн дунд шахагдмал байдаг. Далайн мориноос гадна сэлүүр хөлтөнд жинхэнэ далайн ноход (түүний дотор далайн туулай болон хав) хамаарагдах ба харин чихэрхэг далайн нохдын томхон бүлэгт муур, сивуч (далайн нохойн овгийн томоохон сүүгээр бойжигч) зэргийн зүйлүүд хамаарагдана. Далайн арслан эрэгчинг сүрлэг соёогоор нь хялбархан таньж болдог. Хоолны орц нь нялцгай биетнүүд (далайн морь), эсвэл загаснаас (далайн үхэр) оцон шувуу (далайн бар) хүртэл өөрчлөгддөг.
ДЕЛЬФИН – ОЮУН УХААНТАЙ СҮҮГЭЭР БОЙЖИГЧ АМЬТАН
ДЭЭД ЗЭРГИЙГ ХУРДЫГ дельфин 50 км/цаг хүргэнэ.
ДЕЛЬФИНИЙГ АГНАХ ҮЕЭР 300 м гүнд шумбан 15 мин хүртэл тэндээ байдаг.
ДЕЛЬФИНҮҮД холбоо хэлхээ тогтоох их чадвартай, бүлгээр амьдардаг амьтад.

Дельфин ашигласан эмчилгээ нь ихэвчлэн тахир дутуу хүүхдүүдийг эмчлэхэд ашиглагддаг.

Эх дельфин өөрийн зулзгынхаа хамт байгалийн амьдралын орчиндоо
Хүмүүс болон дельфинүүдийн НЯГТ ХАМТЫН ХАРИЛЦАА Флиппер хэмээх дельфиний тухай кинонууд, телевизийн цуврал хөтөлбөрүүдийн дараа нэрд гарсан юм. Мавританийн ардууд болон Бразилийн энэтхэг овог аймгууд зэрлэг дельфиний тусламжтайгаар хэдэн зууны туршид загас барьдаг байв. Дельфинүүд загаснуудыг тор руу чиглүүлж өгдөг ба оронд нь шагнал болгон шаардлагдсан загаснуудыг нь авдаг байв.
ЭДГЭЭР ОЮУНЫ ХУЬД ХӨГЖИНГҮЙ, мэдрэмж сайтай сүүгээр бойжигч амьтад тахир дутуу хүмүүс болон зан төлөвийн асуудалтай хүүхдүүдийг анагаахад эмчилгээний ихээхэн ач холбогдолтой. Өнөөдрийг хүртэл дельфиний хүний организм, оюун ухаан, сэтгэлд эерэг нөлөөлдөгт шинжлэх ухааны үүднээс тайлбар өгөхөд төвөгтэй байна.
Дельфинүүдийн ОЮУНЫ ТҮВШИНГ олон тооны үзэгчдийн анхаарлыг татсан усны үзүүлбрүүдийн үеэр харуулдаг. Тэд задгай усанд болон ажиглалт, судалгааны зохиомол орчинд ч амжилттай үрждэг.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
Дэлхий дээрх ХАМГИЙН ТОМ АМЬТАН бол 33 метр урт, 65 тонн жинтэй хөх халим юм.
ХАЛИМ 2,5 км гүнд 30 минутийн дотор ШУМБАЖ ЧАДНА.
Халимны амьсгалын сүвээс гардаг ОРГИЛУУР нь агшаагдсан хий юм.
Кашалот халимны толгой дээрх ЛАВ ХЭЛБРИЙН БОДИСЫГ өмнө нь үрийн шингэн хэмээн алдаатай ойлгож байв.
МАХЧИН АМЬТАД: НОХОЙ, МУУР, БААВГАЙ
Махчин амьтад бол сүүгээр бойжигчдийн ангуучид. Тэдгээр нь дэлхий даяар тархсан ба амьдралын янз бүрийн хэв маягтай, ан хийх янз бүрийн аргатай.
Махчин амьтдын тоонд нохой, муур, баавгай болон ургамлаар хооллодог хулсны баавгай зэрэг махан идэштэн хамаарагдана. Махчин амьтад нь доороос дээш чиглэсэн олон янзын тэжээлтэй, туулай мэтийн өвсөн тэжээлтэн өвс иддэг хэрнээ үнэг мэтийн араатнуудад идүүлдэг.
Ан хийж олзоо тасчдаг нь араатан амьтдын гол шинж

Олз омгоо тасчдаг махчин амьтдын шүд тэдний гол шинж чанар мөн
Махчин амьтад амьдралын олон янз хэв маягтай учир цөөн тооны биологийн нийтлэг шинжтэй. Хамгийн мэдэгдэхүйц шинж нь чичлүүр хутга мэт соёонууд болон онцгой хос араатай, тэдгээр нь амьтныг барих, түүнийг тас татахад нь тусалдаг. Нэлээд хурдан махчид ан хийж байх үедээ өлмийнийхээ хэсгээр нь газарт тулгуурлан хөдөлгөөний хурдаа нэмэгдүүлдэг. Суусар мэтийн бусад махчид өлмийнийхээ хагасыг ашигладаг бол муур мэтийн амьтад бүхий л хуруунууд дээрээ гүйдэг. Баавгай мэт нь хөдөлгөөн хийхдээ өлмий дээрээ бүтнээр нь гишгэдэг. Махчдын гайхалтай үнэрлэхүй нь тэднийг олз руу нь хүргэдэг. Муур өөрийн сайн хараандаа найдлага тавьдаг, тэр нь шөнөөр ч гэсэн алздаггүй. Нийгмийн байгуулал нь ан болон хоол ундтай нягт холбоотой. Чоно, арслан мэтийн махчид бүлгээр амьдарч, ан хийдэг. Бусад нь жишээ нь суусар, бар болон хүрэн баавгай ганц нэгээрээ ан хийж дасчээ. Суусар өөрийн нарийн, уян хатан биеэ ашиглан бусдын нүхэнд шургалан орж, олзоо барьдаг.
Ангуучлал
Like | Ангилал : сонин хачин | Нийтэлсэн : А.Тэмүүжин | Уншсан (170) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл